Хөгжилд хөтөлсөн 90 жил

Хөгжилд хөтөлсөн 90 жил

Монголчууд уул уурхайн ажил эрхэлж байсан өнө эртний түүхтэй бөгөөд 5000 жилээр тоологдох баримт бидэнд бий. Энэ бол Оюутолгойн зэс, алтны о
рдын орчим хийсэн археологийн малталтаас олдсон уулын ажлын малталтууд, хүдэр хайлуулсан ул мөр юм. Мөн Сэлэнгэ аймгийн Төмөртийн ордын дэргэдээс хүдэр олборлож, төмөр ширэм хайлж байсан гурван зуухны ул мөр олдсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Чингисийн их цэргийн зэр зэвсгийг үйлдвэрлэгч нь монгол дархчуул, хүдрийг эрж, олж, ашиглан хүрэл ган хайлуулагч нь монгол хүдэрчид байжээ гэдгийн томоохон нотолгоо юм. Харин Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн түүхийг сөхвөл 1922 оноос эхлэлтэй. Тодруулбал, Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оны 12 дугаар сарын 25-нд шинэ тулгар Ардын Засгаас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжих суурь тавигджээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний яамны сайдаар 1976-1985 онуудад ажилл
аж байсан П.Очирбат уул уурхайн салбарын хөгжлийг
1. XX зууны эхний үеийн уул уурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжил (1900-1921)
2. 1921-1940 оны үеийн уул уурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжил
3. 1940-1960 оны уул уурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжил
4. 1960-1990 оны уул уурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжил
5. Ардчилал зах зээлийн шилжилтийн үеийн уул уурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжил (1990 оноос өдгөөг хүртэл) хэмээн ангилсан байдаг.
Дээрх ангилалын дагуу Монголын уул уурхайн салбарын 90 жилийн хөгжлийн түүхэн замналаас тоймлон сийрүүлэхийг хичээлээ. 90 жилийн түүхийг номтой зүйрлэвэл хэдэн зуун ботьтой тэнцэх арвин сан бөгөөд түүнээс дээжлэн авч цөөн хуудсанд багтаан бичихэд ихээхэн төвөгтэй байсныг болгоох биз ээ.

Монголын геологийн судалгааны үүсэл хөгжил

Монгол орны геологийн тогтоцын тухай анхны баримт мэдээ XVIII-XIX зууны үед Н.М.Прежевальский, М.Б.Потанин зэрэг Оросын нэрт эрдэмтэдийн удирдсан оросын газар зүйн экспедици, цэргийн мэргэжилтнүүд, худалдаачдын хийсэн судалгааны үр дүнд гарч эхэлжээ. Тэдгээрийн аян замын тэмдэглэл, зохиол бүтээлүүд оросын олон уншигчдад Монгол орны байгалийн нөөц баялаг, түүх дурсгалын үнэт зүйлсийн тухай, ард түмний аж байдалтай танилцахад ихээхэн тус дөхөм үзүүлжээ.

XX зууны эхэн үед Монголын төрөөс эрдэс баялгийн талаар явуулсан бодлого нь Богд хааны зарлигаар тодорхойлсноор “...эрхэм сүлд тахилга бүхий газар болбоос эрхэмлэж үл малтах нь харин зүй мөн. Бус энгийн газар нутаг дан ганц алт бус, ямар зоорь бий аваас зохихыг үзэж нээн авбаас зохимой. Авсан түүнийгээ ганцхан миний төлөө хэмээн битгий санагтун. Харъяат бүх улсын хэрэглэл болмой. Улс хэмээгч нь Та бүхнийг цөмийг өгүүлсний тул учрыг бүрнээ ухамсарлаж ёс журмыг дагаж явтугай. Битгий сөрүү бурууд дурлаж зөрчигтүн” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл, Богд Жавзандамба тэргүүтэй Монголын шашин төрийн зарим зүтгэлтнүүд лус савдагийн хорлолын тухай номлолоос зарим талаар татгалзаж онцгой тахилгатай дархалсан газраас бусад аль ч нутгийн хөрсийг хөндөж баялгийг нь ашиглаж болох тухай зарлиг гаргаж байсан нь энэ юм.

Ардын хувьсгал ялсны дараахан монгол орны байгалийн баялгийг шинжлэн судлах, нээн илрүүлэх ажлыг Судар бичгийн хүрээлэнд хариуцуулжээ. Судар бичгийн хүрээлэнгийн хүсэлтийг харгалзан 1923 онд ЗХУ-ын ШУА-ийн эрдэмтэн И.П.Рачковскийн ахалсан геологийн экспедиц Монголд ирж ажилласнаар геологийн судалгааны ажлын эхлэл тавигдсан юм. 1925 онд ЗХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч В.Л.Комаровын удирдсан “Монголын комисс” байгуулагдсанаар монгол оронд геологийн судалгааг өргөн явуулах боломж нээгдсэн байна. Энэ үеэс Зөвлөлтийн геологчид манай орны дорнод болон өмнөд нутгуудаар маршрутын судалгаа явуулж, судлагдсан нутгуудын геологийн тогтоц, ашигт малтмал, газар доорх усны байршлын талаар анхдагч материал цуглуулан төмөр, нүүрс, хар тугалга, цайр зэргийн ашигт малтмалын олон тооны орд илрэлүүдийг олж тодорхойлсон байдаг.

1929 онд Судар бичгийн хүрээлэн, ЗХУ-ын ШУА-ийн хооронд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулагджээ. Зөвлөлтийн геологийн экспедиц эхний үед төв суурин газрын усны асуудлыг шийдвэрлэх, говь хээрийн зарим бэлчээрийг усжуулах, гидрогеологийн судалгаа хийх ажлуудыг хариуцаж байсан ба цаашдаа ажлын хүрээ нь өргөжин геологийн зураглалын ажил явуулж алт, нүүрс, барилгын материал эрж хайх болсон байна. 1938 онд Судар бичгийн хүрээлэнгийн Геологийн секцийг тасаг болгон өргөтгөн тус оронд явуулах геологийн судалгаа шинжилгээний талаарх бүх ажлыг хариуцуулжээ. Энэ цагаас геологийн судалгаа, шинжилгээний ажлын эрч хүч, далайц мэдэгдэхүйц нэмэгдэн зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголын анхны геологчидтой хамтран ажиллах болжээ. Ингэж манай геологийн хөгжлийн эх үүсвэр тавигдсан билээ.

Уул уурхайн аж үйлдвэр эдийн засагт чухал байр эзэлж эхэллээ

Ардын хувьсгалын жилүүдэд ЗХУ-ын тусламжтайгаар монгол оронд геологийн судалгааны ажил явагдаж төрөл бүрийн ашигт малтмалын ерөнхий зүй тогтол, байршлыг тодруулах талбайн судалгааг голлон хийж байв. Геологийн судалгааны ажил тэлэхийн хэрээр ашигт малтмалыг ашиглаж уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж нээгдэж байлаа.

Тухайн үед геологийн судалгаа шинжилгээний ажил Судар бичгийн хүрээлэнд, уул уурхайн асуудал Аж үйлдвэр барилгын яаманд харъяалагдаж байжээ. Иймд эдгээр байгууллагуудын ажлыг уялдуулан ойртуулах бодит шаардлага гарч байсан тул Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Аж үйлдвэр барилгын яамны харъяанд Уурхай ба ашигт малтмалын трест байгуулсан байна. Энэ цагаас уул уурхайн аж үйлдвэр улсын эдийн засагт чухал байр суурь эзлэх болжээ. Тухайн үед ажиллаж байсан Налайх, Баянбулаг зэрэг нүүрсний таван уурхай, Ерөө, Баянхонгорын алтны уурхайнуудыг уг трестэд харъяалуулсан байна. Уул уурхайн үйлдвэрийн онцлогийг харгалзан трестийн бүтцэд үйлдвэрлэл-техникийн хэлтсийг бий болгож тэнд зөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах болжээ. Уг трест байгуулагдсанаар ашигт малтмалын ашиглалт, эрэл хайгуулын ажлыг шууд эрхлэх улсын чанартай анхны бие даасан байгууллага бий болсон юм.

Монгол оронд уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих болов

Ардын Засгийн газраас 1922 онд Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авах шийдвэр гаргаснаас хойш 1940 оны сүүлчээр монгол-зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийг байгуулснаар манай оронд уул уурхайн үйлдвэрлэл илүү өргөн далайцтай явагдаж, тоног төхөөрөмж, мэргэжилтэй ажиллах хүчний томоохон бааз суурь анх бүрэлдэж эхэлсэн юм. Гэхдээ үүнээс өмнө монгол оронд уул уурхайн үйлдвэрлэлийг өргөн хүрээнд явуулж байсан түүх бий. Тодруулбал, 1899 онд Бээжин дэх Оросын Элчин сайдын яамны түшмэл Фон Грот, Манжийн засгийн Улиастай дахь төлөөлөгч Аянтай хэлэлцээр хийж Түшээт хан, Цэцэн хан аймгуудын нутагт алт ухаж ашиглах 25 жилийн хугацаатай концессийн эрх авсан байна. Үүний үндсэн дээр Түшээт хан, Цэцэн хан аймгийн Уурхайн хэргийг захирах ерөнхий газар байгуулсан нь 1900 оноос “Монголор” хэмээх нийгэмлэг болон өргөжсөн аж. Уг нийгэмлэгт Орос, Бельги, Франц улсууд хөрөнгө оруулсан бөгөөд төв нь Петроград хотод байрлаж байжээ. Нийгэмлэг манай орны Ерөө, Хараа, Бороо зэрэг нутгуудаар алт олборлох ажлыг өргөнөөр зохион байгуулсан байдаг. Хэдийгээр уг нийгэмлэг 10 мянга хүртэл ажилчинтай байсан ч монголчууд тун цөөн байв. Мөн тус нийгэмлэг 1900-1915 онуудад 15 орчим тонн алт авч ашигласан гэх тоо байдаг ч Монголын ард түмний амьдралд нааштай ямар нэг үүрэг гүйцэтгээгүй юм. Улмаар Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан “Монголор” нийгэмлэгийн хөрөнгийг Монгол Улсын хөрөнгө болгох тухай шийдвэрийг хүргүүлсэн байдаг.

“Совмонголметалл” нийгэмлэгийг байгуулах болсон түүхийг сөхвөл, Дэлхийн II дайнтай холбоотойгоор ЗХУ-д гянтболд, молибден зэрэг ховор металл ихээр хэрэг болох болсон тул манай орны төв болон дорнод хэсэгт өнгөт, ховор металлын хайгуул, ашиглалтын ажлыг эрхлэн явуулах ЗХУ-ын Хүнд металлын үйлдвэрийн яамны Дөрөвдүгээр тусгай экспедицийг байгуулан ажиллуулсан байна. Экспедицийн хүчээр Чоноголын гянтболдын орд газрын хайгуулыг хийж 1942 оноос ашиглаж эхэлжээ. Дараа нь Түмэнцогт, Бүрэнцогтын гянтболдын ордуудын хайгуулыг эрчимтэй явуулж уул уурхайн үйлдвэрүүдийг байгуулж баяжмал гаргах болсон байна. Улмаар Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийг байгуулах хэлэлцээрт 1949 оны 3 дугаар сарын 12-нд хоёр тал гарын үсэг зурсан байдаг. Тус нийгэмлэгийн бүрэлдэхүүнд Чоногол, Түмэнцогт, Чулуун хороотын гянтболд, Модотын цагаан тугалга, Дожир, Ямаат, Бэрхийн хайлуур жоншны уурхайнууд ажиллаж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байв. “Совмонголметалл” нийгэмлэг 1949-1957 онуудад үйл ажиллагаа явуулж улс орны экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлж, үндэсний уурхайчдыг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1957 он гэхэд тус нийгэмлэгийг Монголын талд бүрэн шилжүүлэх ЗХУ-ын саналыг зөвшөөрч, 1960 он гэхэд тус нийгэмлэгээс үлдсэн зөвлөлтийн мэргэжилтнүүд үндсэндээ нутаг буцсан бөгөөд оросуудаас ажил амьдралын баялаг туршлага хуримтлуулсан манай ахмад уурхайчид мэргэжлээ залуу хойчдоо өвлүүлж байжээ. Ерөнхийдөө төр засаг 1940 оноос улс орныг аж үйлдвэржүүлэх зорилт тавьж байсан бөгөөд энэ талаар МАХН-ын III программд “...Байгалийн баялгийг бүхий л аргаар ашиглаваас зохих,... ашигт малтмалыг гаргах, цахилгаан хүчний аж ахуйг хөгжүүлж, үйлдвэрүүдийг цахилгаанжуулах ажлыг хангахыг” заасан байдаг.

Улсын нэрийн хуудас болсон нүсэр үйлдвэрүүд байгуулагдлаа

1960 оноос хойш баримталж байсан нам төрийн бодлого нь “Түлш эрчим хүчний салбарыг түрүүлүүлж хөгжүүлэх, олборлох, боловсруулах үйлдвэрийн зохистой бүтэц бүхий эдийн засгийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх”-ээр тодорхойлогдож байжээ. Ерөнхийдөө манай уул уурхайн салбар өнгөрсөн 90 жилийн хугацаанд 20 яамны бүтцэд салж нийлж байсан бөгөөд 30 гаруй сайд нар толгойлж байжээ. Үүн дотор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Бүх цэргийн жанжин Солийн Данзан, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга М.Пэлжээ нарын зэрэг Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтнүүд ажиллаж байсан байна. 1960-аас 1990 он хүртэл манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх томоохон үйлдвэрүүд байгуулагдсан билээ. Үүнээс бидний хамгийн сайн мэдэх “Эрдэнэт” үйлдвэр байна. Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулснаар улс орны аж үйлдвэрийн бүтцэд чанарын өөрчлөлт оруулж, экспорт, импортын хэмжээг үлэмж нэмэгдүүлж, манай орны эдийн засаг, соёлын томоохон төвийн нэг болох орчин үеийн Эрдэнэт хотыг үүсгэн хөгжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. Мөн зах зээлд шилжин өөрчлөлт, шинэчлэлийн жилүүдэд тус үйлдвэр Монгол Улсын эдийн зсагт томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус үйлдвэрийн улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Монгол орны XX зууны манлай бүтээн байгуулалт” өргөмжлөл олгосон.

Түүнчлэн, 1973 онд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд “Монголсовцетмет” нэгдлийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр байгуулсан нь чухал үйл явдал байв. Тус нэгдлийг 1991 онд “Монголросцветмет” нэгдэл болгон өөрчилсөн билээ. “Монголросцветмет” нэгдэл олон улсын зах зээл дээр нэр хүндтэй хайлуур жоншны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч таван үйлдвэрийн нэг болж чадсан бөгөөд улс орны эдийн засагт үлэмж хэмжээний үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Мөн томоохон орд газруудыг социализмын үед илрүүлж, нөөцийг нь тогтоосон нь өнөө цагт хөрөнгө оруулалт татан, эдийн засгийн эргэлтэд оруулж үр шимийг нь хүртэх үндэс болсон билээ.

Зах зээлийн нийгэмд шилжсэн уул уурхай

1990 оноос хойш эрчим хүч эрдэс баялгийн салбар өөрийнхөө хөгжлийг зах зээлийн зарчмаар тодорхойлох болж, төрийн болон хувийн өмчийн хэлбэр зэрэгцэн оршиж, эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж байна. Зах зээлийн харилцаанд шилжсэн эхэн үед геологи хайгуулын ажилд хуваарилдаг байсан их хэмжээний төсөв хуимгдаж, үйлдвэрүүдэд өгдөг байсан дотацийг зогсоосон. Үүнээс хамааран олон тооны геологийн анги салбаруудыг татан буулгахад хүрч, зарим нэг үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай болсноор энэ салбарт ажиллаж байсан олон зуун уурхайчин, геологичид ажилгүй болоход хүрсэн юм. Тухайн үед төрөөс эрхзүйн тогтвортой, найдвартай орчинг бүрдүүлэх, уул уурхайн үйлдвэрүүдийг бие даасан байдлыг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, ашигт малтмалын шинэ чиглэл болох газрын тос, ураны хүдрийн хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлийг гол болгосон байна. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Алтны тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулахад ихээхэн анхаарсан байдаг. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилсан “Алт”, ”Газрын тос” хөтөлбөрийг салбарын мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулж, батлуулж ажил хэрэг болгосон юм. “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үед хүндрэлтэй олон асуудал тулгарсан ч жилд 12 тонн хүртэл алт олборлож байжээ. Алтны ордуудыг уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүст өгөхийг эрмэлзсэн байдаг.

Тухайн үед төрөөс Монголын эрдэс баялгийн мэдээллийг дэлхий дахинд хүргэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын үр дүнд нефтийн орд газруудыг хайх, ашиглах талаар АНУ, Австралийн пүүсүүдтэй бүтээгдэхүүн хуваах зарчмаар ажиллаж анхны гэрээнүүд байгуулагдаж, Японы засгийн газрын тусламжтайгаар ордын судалгааг эхлүүлэх, говийн аймгуудын зураглалын ажлуудыг хийлгэж, ураны ордыг хамтран ашиглах асуудлаар ОХУ, АНУ, Монголын компаниудын хоёрлосон, гурвалсан гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн билээ. Мөн алтны ордуудыг ашиглах асуудлаар Канад, АНУ-ын компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Энэ бүхэн Монголын уул уурхайн салбарт гадны компаниуд хөрөнгө оруулж эхлэх анхны ая таатай үндэс суурийг тавьж өгсөн байна. Түүнчлэн, эрчим хүч, нүүрс болон бусад салбарт томоохон хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлсэн юм.

2000 он гарсаар уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй хурдацтай өсч, сүүлийн 4-5 жилийн дотор уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь хэмжээ эрс нэмэгдсэн билээ. Өмнө нь зөвхөн зэсийн баяжмалын экспорт тэргүүлж байсан бол нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялагийн олборлолт, баяжуулалт хурдацтай өсч эхэлсэн юм.

2009 оны 9 дүгээр сарын 6-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь уул уурхайн салбарт өрнөсөн томоохон үйл явдал байлаа. Мөн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны алхамууд хийгдсэн юм.

Өнөөдөр уул уурхайн салбар 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экпортын бүтээгдэхүүний 89.2 хувийг үйлдвэрлэж Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзлэж байна. Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхамууд хийгдэж, Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэл хурдацтай өсөж байна.

Цаашид нөөц нь тогтоогдсон орд газруудыг ашиглалтад оруулахаас гадна одоо ажиллаж байгаа үйлдвэрүүд дээр технологийн шинэчлэл хийх, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарах шаардлага байгаа бөгөөд төрөөс эрдэс баялгийг гүн боловсруулах үйлдвэрүүдийг эх орондоо байгуулах, байгалд ээлтэй, өндөр өгөөжтэй эцсийн бүтээгдэхүүн гарган авах үйл ажиллагааг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих бодлого чиглэл болгон баримталж байна.

Мэдээж уул уурхайн салбарыг хөгжүүлж, төлөвлөж буй үр дүн, амжилтад хүрэхэд хамтран хэлэлцэх олон асуудал байгаа нь дамжиггүй. Тийм ч учраас “Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалт дээр өнгөрсөнөө дүгнэн, уул уурхайн салбарын ирээдүйг хамтран хэлэлцэж, зохистой шийдэлд хүрэхийг зорьж байна. Иймд Та бүхнийг “Mining Mongolia 90” чуулга уулзалтад идэвхитэй оролцож, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон уул уурхайн салбарын хөгжилд үнэт санал бодлоо хуваалцахыг урьж байна.

Эх сурвалж:  https://mrpam.gov.mn/news/1277/

 

NEWS

Ил уурхайгаас зэс олборлох үйл явцыг хүргэж байна.
Ил уурхайгаас зэс олборлох үйл явцыг хүргэж байна. Ил уурхайгаас зэс олборлох үйл явцыг хүргэж байна. Энэхүү уурхай нь зэс, алтны нөөцтэй Канад улсын Princeton BC мужид байрлана. Уурхайн бүтээн байгуулалт 1.5 жил үргэлжилж 1 сая хүн/цагийг зарцуулсан байна. 680 тонны зэсийн нөөц 12.7 тонны алтны нөөц 128 тонны мөнгөний нөөцтэй бөгөөд 3 ширхэг hydraulic shovel, […]
Хөгжилд хөтөлсөн 90 жил
Хөгжилд хөтөлсөн 90 жил Монголчууд уул уурхайн ажил эрхэлж байсан өнө эртний түүхтэй бөгөөд 5000 жилээр тоологдох баримт бидэнд бий. Энэ бол Оюутолгойн зэс, алтны о рдын орчим хийсэн археологийн малталтаас олдсон уулын ажлын малталтууд, хүдэр хайлуулсан ул мөр юм. Мөн Сэлэнгэ аймгийн Төмөртийн ордын дэргэдээс хүдэр олборлож, төмөр ширэм хайлж байсан гурван зуухны ул […]
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд…
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Ид шидийн оронтой хамтран санаачилж Суурь Тер ХХК залуухан гэр булийг шив шинэ гэртэй болголоо. Тухайн үед сонгууль гээд мэдээлэл хүрг эж чадаагүй. Дэрсхэн 5 хүүхэ дтэй залуу гэр бүлийг дэмжээд шинэхэн гал голомтыг асааж өгөх боломжийг бидэнд олж өгсөн Ид шидийн  оронд баярлалаа. Таван ханатай шинэхэн Монгол гэрийг залуу гэр бүлд […]

© copyright 2020. All RIghts Reserved